card

Улс төрөө орхиод эдийн засаг дээрээ эр зориг гаргаач гэж гишүүдээс гуймаар байна.

Сурвалжлагч: Эхлээд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эдийн засагт ямар эрсдэл үүсч байна вэ?

Дээгий багшийн хариулт: Коронавирусын өвчлөл, түүнийг дагасан  эрсдэлийн нөхцөл байдал цаашдаа даамжирч хэр удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Зөвхөн судлаачдын таамаглал төдий. Одоогийн хөл хориотой нөхцөл байдал нь Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа нь эхний хоёр сарын мэдээнээс харагдаж байна. Монгол Улсын экспорт 20 гаруй хувиар буурсан, импорт, гадаад худалдааны эрч буурсан дүр зурагтай байна. Энэ нь гуравдугаар сарын мэдээгээр илүү тод харагдах байх. Бүх хилээ хаасан, дотоод гадаад тээврээ зогсоосон, худалдаа үйлчилгээний салбараа хязгаарласан, боловсролын салбар бүхэлдээ зогссон байгаа энэ үед эдийн засагт томоохон цохилт ирэх нь мэдээж. Ялангуяа, гадаад худалдаа, тээвэр, үйлчилгээ, боловсролын салбар, аялал жуулчлалын салбар хүнд цохилтод орсон. Тиймээс эдийн засгийн томоохон хүндрэл, эрсдэл ирлээ гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нөхцөл байдал богино хугацаанд үргэлжлэхгүй гэдэг нь ч тодорхой боллоо. Нэг үгээр, манай улс эдийн засгийн хямралын нөхцөл байдал руу орсон гэж хэлмээр байна.

Сурвалжлагч: Засгийн газраас эдийн засгийг дэмжих тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү төлөх хугацааг гурван сараар хойшлуулж, ЖДҮ-ийн зээлийн журмыг шинэчлэн баталсан. Энэ арга хэмжээнүүд эдийн засагтаа ямар нэмэр болох вэ?

Дээгий багшийн хариулт: Монголбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс чадлаараа арга хэмжээ авч байх шиг байна. Монголбанк бодлогын хүү болон арилжааны банкуудын зайлшгүй шаардлагатай нөөцийн төвшинг бурууллаа. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс зээлийн төлбөрийн хугацааг гурван сараар хойшлуулсан гэх мэт банк санхүүгийн салбарт тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

Гэхдээ Засгийн газрын хувьд би харьцангуй удаан байна гэж хэлэхээр байна. Дөнгөж өчигдөр /уржигдар/ ЖДҮХС-гийн зээлийн журмыг өөрчлөн баталлаа гэж байна. Угаасаа ноолууран дээр гаргадаг байсан хуучин дэмжлэгээ л үзүүлж, 300 тэрбум төгрөгийн зээл олгох тухай асуудлыг ярьж байна. Өнөөдрийг хүртэл төр засгаас хэрэгжүүлсэн ажил нэгд, цогц биш байна. Хоёрт, далайц нь өөрөө үр дүнд хүрэхүйц, хямралыг сөрсөн бодлогын төвшинд байж чадахгүй байна гэсэн хоёр сул тал байна гэж харж байна. Тиймээс өнөөдрийг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ эргэн хараад төр засгийн төвшинд хурдтай ажиллах ёстой гэж үзэж байна. Ялангуяа Сангийн яамыг. Аялал жуулчлалын салбарт яг ямар эрсдэл бий болсон, хөдөө аж ахуй, барилга, боловсрол, тээврийн салбар ямар байдалтай байгааг илүү тодорхой мэдэх боломжтой, Монгол Улсын өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байгаа нь гүйцэтгэх засаглал. Тиймээс нөхцөл байдлыг тодорхой судалж, шинжилж, дүгнээд эдийн засгийг аврах цогц арга хэмжээг УИХ-д санал болгох шаардлагатай гэж харж байгаа. Монголбанк өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд арга хэмжээ авч байгаа боловч энэ нь хангалттай биш байна. Нэг үгээр, цогц арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын эдийн засаг эмзэг, дорой, иргэдийнх нь 30 хувь ядуу, аж ахуй нэгжүүд нь тэр дундаа жижиг, дундууд нь, хөл дээрээ зогсож чадаагүй, тодорхой хэмжээний хүндрэлийг даван туулах чадваргүй гээд олон сул талтай. Биднээс хүчтэй, санхүүгийн чадвартай улс орнууд сандарч удаа дараалсан бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж байна шүү дээ. Энэ утгаараа бидэнд ч тайван суух боломж байхгүй.

Дэлгэрэнгүй ярилцлага унших: http://itoim.mn/article/QyGCc/20652 

default

Хүсэлт илгээх